Ямар тоглоом наадгай хүүхдийг хөгжүүлдэг вэ?


Тоглоом нь хүүхдийн хөгжилд нөлөөлөх маш чухал зүйл. Өнөө үед хүүхдүүд цэцэрлэг дээр ч, гэртээ ч тоглоомоор дутагдахгүй болжээ. Тоглоом нүд эрээлжилмээр олон болсон байна. Сонголт ихтэй, тийм их болсон юм бол өөр ямар асуудал гардаг байна аа гэж та бодож магадгүй. Гэтэл урьд урьдынхаас илүү хурц асуудал тоглоомтой холбогдон тулгарах болсон байна.
Иймээс цөмөөрөө Москва хотын Сурган-сэтгэл судлалын Их сургуулийн Тоглоом наадгайн төвийн сэтгэл судлаачидтай тоглоомын ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Елена Смирновагийн удирдлага дор эрдэм шинжилгээний ажилтнууд олон жилийн турш хүүхдийг өөрийгөө хөгжүүлэхэд нь тустай “сайн” тоглоомууд хайжээ. Одоо олон тоглоом үйлдвэрлэгчид тэднээс зөвлөгөө авдаг болсон байна. Тэдний шалгуураар гарсан тоглоомууд “чанар”-ын тэмдэг авдаг аж.   
ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМЫН ТУХАЙ
Судалгаанаас үзэхэд хүмүүс хүүхдэдээ аль болох хөгжилд нь нөлөөлөх тоглоом наадгай авч өгөхийг хичээдэг болжээ. Тэгвэл хөгжүүлэх тоглоом гэж юу вэ?
НЭГДҮГЭЭР  ОЙЛГОЛТ: (Мифы) “Хөгжүүлэх тоглоомууд нь сургадаг”
Ихэнх эцэг эх хүүхдийн эрт хөгжил нь түүний сургалттай холбоотой гэж үздэг. Үүнийг дагаад маш олон сургалтын-бизнесийн байгууллагууд гарч ирсэн. Олон төрлийн арга барилууд зохиогдож, зохиогчид нь хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлэх, эрт уншиж, бичиж сургах, тэгэхдээ маш богино хугацаанд, маш бага наснаас нь гэж амладаг байна. Нэрнээс нь л арга барилууд нь тодорхойлогдож байна. Жишээ нь”явахаасаа өмнө унших”, “ярихаасаа өмнө бодох” гэх мэт. Дэлгүүрүүдээр ч 1-6 насны хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн номоор дүүрсэн байна. Мэдээж эдгээр номнууд нь хэдийгээр хүүхдүүдийн танил болоогүй ч насанд хүрэгчдийн мэдэх маш гоё өнгөт зургаар чимэглэгдсэн байдаг. Жишээ нь: 1 настай хүүхдийн сургалтын материал нь хэдэн цуврал номноос бүтсэн байдаг. Ном тус бүр нь хараа-сонсголын хүлээн авах чадвар, хүртэхүй, хэл ярианы  гэх мэтээр нас насаар нь ангилсан сургалтын материалууд байдаг.

Эцэг эх болон уг сургалтын материалыг зохиосон зохиогчид нь хүүхдийн хөгжлийг зөвхөн сургалт, дадал хэвшлийг эзэмших гэдэг утгаар нь ойлгодог. Тухайлбал, эцэг эхчүүдийн тодорхой зорилго чиглэлтэйгээр залдаг сургалтын явцад олгодог бүх чадваруудын “нийлбэр” бол хүүхдийн хөгжил юм гэж ойлгодог. Заримдаа ийм дадал чадварыг хөгжүүлэх гэж  нэрлэдэг (дүрсийг ялгах чадвар, дуу авиаг ялгах чадвар гэх мэт).  Гэвч Үүнээс шалтгаалж гол утга учир нь өөрчлөгддөггүй. Эцэг эхчүүд иймэрхүү номын зохиолчдод бүрэн итгэн сургалтын номуудыг худалдан авч хүүхдээ сурган “хөгжүүлж” эхэлдэг. Иймэрхүү “хөгжлийн цагууд” нь  зохиогчийн зааврын дагуу хүүхдэдээ шинэ мэдээлэл өгдөг тусгай хичээл шиг харагддаг. Жишээлбэл, ээж нь нэг настай хүүхдээ өмнөө суулгаад номын зургуудыг үзүүлээд: -Катя энэ бол улаан дөрвөлжин, энэ нь хөх гурвалжин. Ойлгосон уу? Одоо хаана улаан дөрвөлжин, хаана хөх гурвалжин  байгааг заагаад өг дөө. Мэдээж, Катяд энэ мэдээлэл тийм ч чухал биш. Катя өөр тийшээ эргэлдэн “багшаасаа” аль болох зугтаахыг эрмэлздэг. Нэг настай хүүхдэд пирамид, кубик өрөх зэрэг нь илүү дээр гэсэн сэтгэл зүйчийн зөвлөгөөнд ээж нь “жижиг булчинг хөгжүүлэх үйл ажиллагааг бид өдрийн унтлагын дараа хийдэг. Одоо бол би мэдрэхүйг хөгжүүлж байна” гэж хариулдаг.

Үүний дүнд манай (оросын) сэтгэл зүйчдийн алдартай “Сургалт нь хөгжлийг дагуулдаг” гэсэн үзэл баримтлал нь амьдралд хэрэгжин эцэг эхчүүдийн хувьд үйлдлийн чиглүүлэгч, “удирдагч”, бизнесменүүдийн хувьд орлогын эх үндэс болоод байна. Мэдээж, хүүхдийн хөгжилд хандсан ийм бүдүүлэг, механик хандлага нь эргээд эсэргүүцэлтэй тулгарч байна. Яагаад гэвэл хүүхэд бол (том хүний адил) янз бүрийн дадлын нийлбэр биш мөн дэс дараатай оруулсан тусгай программтай компьютер биш. Хүүхэд тусгай чадваруудыг эзэмшиж хөгждөггүй, хүүхэд тэс өөрөөр хөгждөг.

            Үүнийг ойлгох амар биш. Гэсэн ч учрыг нь олох гээд үзье. 

Эхлээд сэтгэл зүйн ойлголтоор “хөгжил” гэж юуг хэлдгийг тодорхойлъё. Хөгжил гэдэг нь шинэ чанар үргэлж үүсч гарч байхыг хэлнэ. Хүүхдийн хөгжлийн хувьд энэ нь хүрээлэн буй орчин болон бусад хүмүүстэй шинэ харилцаа бий болох, ямарваа үйлдэлд шинэ  чадвар, хүсэл, сонирхол, хандлагатай болохыг хэлнэ. Шинэ зүйл нь хүүхэд өөрөө ямар нэгэн юм зохиох, бүтээх, өөрөө ямар нэг юм руу тэмүүлэх үед хүүхдийн санаачилга, бие даасан байдалд тусгалаа олж, илэрч байдаг. Насанд хүрэгчдийн удирдлага дор асуултад хариулж байгаа (хариулт нь зөв байсан ч гэсэн) нь хүүхдийн хөгжилд ямар ч хамаагүй болно.  Харин ч эсрэгээр, энэ нь хүүхдийн өөрийн идэвхийг сулруулж, хүүхдийн жинхэнэ хөгжлийн тормоз нь болж болно. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад бага насандаа “эрт хөгжлийн” сургалтад анхаарлаа төвлөрүүлсэн хүүхдүүд ахлах насандаа бүтээлч чанар багатай, өөртөө итгэлгүй, илүү түгшүүртэй, биеэ барьсан байдаг нь ажиглагджээ. Тодорхой мэдлэг, чадварыг (унших, цифр мэдэх гэх мэт) олж авснаараа оюун ухааны хөгжлийн хувьд ямар ч давуу талыг олж авдаггүй, тэр байтугай сургуулийн программыг эзэмших үед ч энэ давуу тал ажиглагдаггүй. Энэ бүгд мэдлэг бол хүүхдийн хувьд хэлбэр төдий, хөндий, түүний хүүхэд насны амьдралын хувьд хэрэггүй зүйл байдаг. Хүүхэд сургалтын явцад өөрийнхөө чөлөөтэй, идэвхитэй, биеэ даасан байдлыг мэдэрдэггүй. Иймээс иймэрхүү “эрт хөгжил” нь  хүүхдийг чадваржуулах биш, харин ч хүүхдийн өөрийн бодит хувийн хөгжилд нь саад болж байдаг. Одоо “өөрийн биш мэдлэг”  бага насны хүүхдүүдэд их илэрч байна. Жишээлбэл, гурван настай хүүхэд минутын дотор насан хүрэгчдийг гайхшруутал хурдан уншиж чадсан боловч энэ хугацаандаа юу уншсаныгаа жаахан ч тайлбарлаж чадахгүй байна. Ингэж унших нь хүүхдийн механик дадал бөгөөд түүний хүсэл сонирхол, номонд татагдах сэтгэлтэй огтхон ч холбоогүй юм. Ирээдүйд ийм хүүхэд өөрөөс хөндий, утга учиргүй ийм хичээлөөдээс зугтаж, жинхэнэ утгаараа номонд дуртай хүүхэд болохгүй. Энэ тохиолдолд ямар хөгжлийн тухай ярих вэ дээ?

ХОЁР ДУГААР ОЙЛГОЛТ: “Хөгжүүлэх тоглоом оюун ухааныг дасгалжуулдаг”

Олон эцэг эх хүүхдийн хөгжлийг оюун ухааны хөгжил талаас нь ойлгодог. Энэ үүднээс харахад  долоодой (головоломки), логик дасгалууд илүү ашигтай болно. Үгүй дээ л гэхэд пазлууд. Хэрвээ хүүхэд ийм “тоглоом”-оор тогтвортой удаан тоглоод, ялангуяа үүнийгээ сайн хийж чадаж байвал эцэг эхчүүд хүүхдээ сайн хөгжиж байна гэж боддог. Гэвч энэ бол том төөрөгдөл. Хүүхэд удаан хугацаагаар пазлын хэсгүүдийг дүрсээр нь тааварлан, механикаар эвлүүлдэг ч чухам ямар зургийг эвлүүлж байгаагаа анзаардаггүй. Долоодойг гартаа удаан эргүүлж тойруулаад, түүний хэсгүүдийг сонгож авахдаа яагаад түүний аль нэгэн бүтээж байгаа  дүрс нь болж байгааг (эсвэл болохгүй байгааг) сайн ойлгодоггүй. 
    Насанд хүрэгчдэд болон сургуулийн бага ангийнханд иймэрхүү даалгавар нь үнэхээр сонирхолтой бөгөөд үр дүнтэй байж болно. Гэвч 6-7 нас хүрээгүй сургуулийн өмнөх насныханд иймэрхүү оюуны дасгал, оюун ухааныг хөгжүүлэх бодлогууд нь хөгжүүлэх нөлөөг үзүүлэх нь юу л бол. Ихэнх хүүхдэд (сод авъяаснуудыг эс тооцвол) энэ үйл ажиллагаанд орох бодит сэдэл төрдөггүй. Сургуулийн өмнөх насны хүүхэд орчноо танин мэдэхдээ, түүнд оролцохдоо өөрийн ерөнхий практик идэвхээрээ-биеийн хөдөлгөөн  (оюун ухааны биш)-ий үйлдлийн дүнд, хэл яриагаараа илэрхийлэх, сэтгэл зовох болон шинэ санаа олох зэрэг үйлдлийн  явцад танин мэддэг. Үнэхээр хүүхдийн хөгжил нь хүүхэд өөрөө өөрийн хүслээр ямар нэг юмыг сонирхож, таашаалтайгаар хийх явцад бий болдог. Хүүхдийн цогц хөгжил нь түүний сэтгэл хөдлөлийн таатай нөхцөл, нийгэмшихүйн мэдрэмжийн хөгжилтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл, сургуулийн өмнөх насанд юуны түрүүнд хүүхдийн дотоод сэтгэл, ертөнцийг харах үзэл, өөрийн ухамсар болон бусадтай харилцах хандлага зэрэг нь төлөвшдөг.
    Сайн ч бай, тааруухан ч бай пазлуудыг эвлүүлдэг хэрнээ, харилцаж чаддаггүй, түүнчлэн үлгэрийн утгыг ойлгож чаддаггүй хүүхдийг хөгжсөн хүүхэд гэж үзэж болохгүй. Оюун ухааны болон сэтгэлгээний чадварын хөгжил  бол  дараагийн шат болох сургуулийн насны зорилго юм.

ГУРАВДУГААР ОЙЛГОЛТ: “Хөгжүүлэх тоглоом нь шинэлэг бөгөөд өндөр технологитой байх уу?”

    Орчин үеийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд хүүхэлдэй, амьтан, машин хэрэггүй гэж санагдах болжээ. Хагас зууны өмнө хүүхдүүдийн дотны найз болж байсан энэхүү тоглоомууд нь одоо эргэлт буцалтгүй хуучирч, хүүхдийн хөгжлийн гол зорилгыг хангаж чадахаа больсон гэж үзэж байна. Одоо хүүхдүүд тэдний эцэг эхийн бага насанд ч байгаагүй огт өөр зүйл хэрэглэх болов. Тэд электрон, өндөр технологи бүхий жинхэнэ амьтан, хүүхэдтэй адилхан олон үйлдэлтэй роботон тоглоомуудаар хангагдсан байна. Жишээ нь, нялх хүүхэлдэйний шинэ загварыг авч үзье л дээ. Түүний биенд нугалаас болон хүйсийг тодорхойлсон утас бүхий зүйлүүд нь яг л “жинхэнэ” мэт санагдуулна. Тоглоомон хүүхэлдэй нь идэх болон тэдний чухал хэрэгцээ болсон уйлах чадвартай байдаг. Үүнээс гадна тэд хүүхдийн хүслийн дагуу үлээж том, жижиг болон “өсдөг” байна. Тэд өөрийн үгийн баялаг болон бусад “хүүхдийн өсөлт, хөгжилтийг” илэрхийлсэн хиймэл зүйлүүдийг агуулсан байдаг. 

    Олон үйлдэл бүхий амьтан, хүүхэлдэйнүүд нь өөрийн амьдралаар амьдарч, өөрсдийн чадвараар гайхуулж байдаг. 4-6 см-ийн өндөртэй, памперстай, толгой дээрээ гялалзсан туузтай пласмассан электрон нүцгэн хүүхэлдэй нь хажуудаа угжтай пласмасан хашаан дотор сууж байна. Нэг удаа алгаа ташихад –“ээж ээ” гэж хэлнэ, хоёр удаа ташихад- “аав аа” гээд, 4 удаа ташихад уйлж, бүүвэйлэхэд инээдэг байна. Хэрвээ уйлаад байх юм бол угжийг нь өгөхөд л уйлахаа зогсоож  нүдээ анин, толгой дээрхи гэрэл нь унтраад л хашаан дотроо нүцгэн чигээрээ шууд л унтаж эхэлнэ. 
    Тоглоомон амьтад хүүхдэд “өөрийн харьцаагаа илэрхийлж” чаддаг. Жишээ нь: тоглоомон бамбарууш, гөлөг эсвэл муужгай нь эзнийгээ тэврэхэд  “дуртай” байдаг ба сүүлээ хөдөлгөн эрхэлж эзнийхээ дууг таньдаг. Түүний таницуулган дээр “энэ л чиний жинхэнэ найз болно” гэж бичээстэй байна.

    Ийм тоглоомууд нь гайхшруулж, зугаацуулж үнэхээр орчин үеийн супер тоглоом мэт санагдуулдаг. Гэвч эднийг яагаад ч хөгжүүлдэг тоглоом гэж нэрлэж болохгүй. Хүүхдэд ийм техникийн дэвшлээр бүтээгдсэн тоглоомоор тоглох шаардлага гардаггүй: робот–хүүхэлдэй, робот–амьтад нь юу ч зохиохыг шаарддаггүй, тэдэнтэй тоглох (ажиллах) ямар ч төсөөллийг бий болгодоггүй. Ийм тоглоомуудаар тоглох үйлдэл нь нэгэн хэвийн стереотипны байдаг. Зөвхөн л тоглоомын тодорхой хэсэг дээр дараад тоглоом юу хийх, юу хэлэхийг нь л ажиглах хэрэгтэй. Энэ нь эхэндээ хүүхэд тоглоомыг удирдаж  байгаа мэт санагдах боловч жинхэнэ утгаараа бол тоглоом хүүхдийг удирдаж, түүнд үйл ажиллагаа болон үйлдлийн зааврыг өгч байдаг. Хүүхэд амьдруулах, сэтгэх, төсөөлөх зэргээр бие даан ажиллах боломж байдаггүй. Тэр зөвхөн л идэвхгүй ажиглагч болдог. Энэ нь маш хурдан уйдахад хүргэдэг. Ингээд техникийн талаасаа төгс болсон тоглоом нь буланд шидэгдэн хол хаягдана. Үүний оронд үйлдлийн чөлөөт байдалтай, сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц, урлан бүтээх идэвхийг өдөөсөн, зохион бүтээх боломжтой  байх зэрэг нь хүүхдийн тоглоомын гол чанар юм. 

ДӨРӨВДҮГЭЭР ОЙЛГОЛТ: “Хөгжүүлэх тоглоом бол насанд хүрэгчдийн хэрэгслийн дуураймал загвар юм”

    Тоглоом нь хүүхдүүдийг шууд л том хүний амьдралд бэлтгэх, тухайлбал, ахуйн болон техникийн хэрэгсэлтэй ажиллах дадалд суралцах ёстой гэсэн ойлголт улам бүр тарах болжээ. Хэмжээгээрээ л жижиг боловч яг л жинхэнэ юм шиг кааш, бутербродыг халааж чадах  зуух, эргэдэг миксер, электрон индүү, жижиг үсний сэнс, угаалгын машин, мөн хүүхдийн жинхэнэ компьютер зэргийг өнөөгийн зах зээл дээр өргөнөөр худалдаалж байна. 
    Үүний тоонд бас сүүлийн үед түгээмэл болоод байгаа “үсчний хэрэгсэл”, “визажистийн хэрэгсэл” ч багтаж байна. Гэвч ийм тоглоомоор тоглох нь хүүхдийн суралцах тийм ч оновчтой арга биш. Сургах зорилгоор “дэлгүүр” болж тоглож болно. Энэ тохиолдолд жин хэмжүүр,  барааны үнэ, мөнгөний хариулт гэх зэргээр хүүхдүүд харилцаж болох боловч тэдэнд  зөвхөн жинтэй болон бусад хэрэгсэлтэй харилцах нь л сонин байх болохоос энэ тоглоомын хамгийн гол зорилго болсон худалдагч, худалдан авагч хоёрын хоорондын харилцаа, өөрийн сонгосон том хүний дүрийг гүйцэтгэх үүрэг нь хойш тавигдах болно. Жинхэнэ тоглоом бол тодорхой үйл ажиллагааны дасгал биш. Хүүхэд жолооч, эмч, үсчин болж тоглохдоо ямар нэгэн “хэрэгтэй дадал”-ыг эзэмшихгүй, эзэмших ч ёсгүй. Хүүхэд жолооны руль эргүүлж байхдаа ч, хүүхэлдэйгээ тарьж байхдаа жинхэнээсээ жолоодож, өвчтөнийг эмчилж сурахгүй. Хамгийн гол нь хүүхэд энэ тоглоомын явцад  сургуулийн өмнөх насны хүүхдийн хувь хүний төлөвшилд нөлөөлөх бодитой, чухал зүйлийг олж авдаг: хүүхэд насанд хүрэгчдийн үйл ажиллагааны утга учир, хүмүүс хоорондын харилцааг ойлгож, мөн том болох хүсэл эрмэлзэл төрдөг. Хүүхдийн дүрдээ ороход нь тусалж байгаа энэхүү тусгай зориулалтын зүйлсүүд нь хүүхдийн анхаарлыг дэндүү их татах ёсгүй. Яагаад гэвэл нарийн бүтэц бүхий хэсгүүдээс бүтсэн бодит зүйлстэй дэндүү төстэй байх нь сэдэвт тоглоомын утга учир болсон хүүхэд хоорондын харилцаа бий болох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд саад болдог.


Орчуулсан    Ц.Басархан
Ном зүй:  “Дошкольное воспитание” 2009 оны  № 5,6,7,8 
эх сурвалж: http://davalgaa.mn/

No comments:

Post a Comment